60 жилийн түүхэн замнал
Улаанбаатар хотын хэмжээнд нас барагсдын шарилыг оршуулах ажлыг 1950-иад оны дунд үе хүртэл ил задгайгаар буюу булж оршуулж ирсэн бөгөөд зарим цөөн тооны шарилыг хүсэлтийн дагуу авсалж газарт ухан оршуулж иржээ. Ингэж ил задгай оршуулж байсан нь хотын хүн амын сэтгэл санаанд таагүй нөлөө үзүүлж улмаар элдэв араатан амьтан, нохой шувуу тэжээж улмаар эргээд элдэв өвчин тахал тараах гол нөхцлүүдийн нэг болж байжээ.
Иймд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл МАХН-ын төв хорооны Тэргүүлэгчдийн хорооны 1955 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 339/198 дугаар тогтоолоор “Хүүр оршуулах газар” нэртэйгээр анх байгуулагджээ.
1990-ээд он хүртэл улсаас санхүүжигдэж төсөв төлөвлөгөөнд захирагдаж байнгын алдагдалтай ажиллаж байсан тус байгууллага нь 1992 оноос Улаанбаатар хотын “Иргэдэд үйлчлэх Буян” компани нэртэйгээр зохион байгуулагдан өөрөө өөрийгөө санхүүжүүлэн аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа улам өргөтгөсөөр захиргаа, дүн буртгэл, мужааны 2 цех, чулуун хэсэг, оршуулгын гурван цэг, автын хэсэг, чимэглэл, худалдаа үйлчилгээний гэсэн 34 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Ийнхүү 2004 оны 04 сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг Даргын 180 тоот захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 тоот тогтоолоор “Иргэдэд үйлчлэх Буян” компани татан буугдаж, 2004 оны 06 дугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар буян” ХХК нэртэйгээр 100% Монгол хүний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдан хүн амын эрүүл аж төрөх орчин, байгаль экологи, газар эдэлбэрт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх хамгийн оновчтой хэлбэр болох шарил чандарлах үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлж, орчин үеийн техник технологитой хослуулан 2004 оноос эхлэн үзүүлж ирсэн билээ.
Хаалттай нийгмийн үед шашин шүтэх эрх чөлөө, оршуулгын төрөл хэлбэрийн сонголт хязгаарлагдмал, төр засгаас нарийн журамлаж байснаас улбаалан нийгмийн сэтгэхүйд зөвхөн газар шороонд оршуулдаг гэсэн үзэл санаа тогтжээ. “Улаанбаатар буян” ХХК нь шашны зан үйлийг сэргээж, шарил чандарлах эртний уламжлалыг сэргээсэн нь сая гаруй хүн амтай том хотын нийгмийн захиалга байлаа.